Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын багш нар "Хүндэт профессор" цол олгов.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 10. 14 цаг 52 минут

Шинжлэх ухаан, технологийн их cургуулийн Ректорын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/132 тоот тушаалаар Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын гэрээт багш Ц.Алтанцэцэг, “Амбер“ ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ч.Дүүжий нарт “Хүндэт профессор” цол олгохоор шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрийн дагуу Хүндэт профессор цол олгох ёслолын ажиллагаа 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн, Геологи, уул уурхайн сургуулийн хамт олон болон Хүндэт профессоруудын маань гэр бүлийн хүмүүс оролцлоо.

Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат үг хэлж, ШУТИС-ийн Ректорын тушаалыг Эрдэм шинжилгээ, Инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш танилцууллаа. Үүний дараа Хүндэт профессорын өмсгөл, дипломыг гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг өргөн барилаа. Хүндэт профессоруудад баяр хүргэж ГУУС-ийн захирал Б.Чинзориг үг хэллээ.

Цэдэн-Ишийн Алтанцэцэг нь 1950 онд  Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн.1974 онд ОХУ-ын Москва дахь Губкины нэрэмжит Газрын тос, хийн академийг Газрын тос, боловсруулах үйлдвэрийн инженер-технологич мэргэжлээр төгссөн.

1974 онд Толгойтын Нефть баазад томилогдон тооцооны техникчээр, 1975-1985 онуудад Улаанбаатар төмөр замын техникумын Авто тээврийн салбарт багшаар, 1985-1991 онуудад Авто тээврийн сургуулийн багшаар, 1991 оноос хойш ТИС, ГУУС, ШУТИС, ГГТС, ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарт тасралтгүй 24 жил үр бүтээлтэй ажиллаж байна.

Шинжлэх ухаан технологийн их сургуульд оруулсан хувь нэмрийг дурдвал:

  1. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн Газрын тосны инженерийн салбарын үндэс суурийн тавилцсан анхны багш нарын нэг
  2. Газрын тосны мэргэжлүүдээр 800 гаруй дээд боловсролтой инженер бэлтгэхэд ихээхэн идэвхи зүтгэл гарган оролцсон: 8 магистрын ажил удирдаж хамгаалуулсан, 12 сурах бичиг болон 40 гаруй орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн
  3. Ц.Алтанцэцэг нь Стандарт хэмжилзүйн үндэсний төвийн техникийн хорооны гишүүнээр ажиллаж газрын тосны чиглэлийн 20 стандартын төсөл хэлэлцэхэд санал, зөвлөмж, шүүмж өгч ажилласан, 45 орчим ШТС-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн, 10 орчим төсөл хэрэгжүүлж ШТС-ийн аюулгүй ажиллагааны горимууд боловсруулсан.
  4. Түүний ШУТИС-д оруулсан гол хувь нэмрийн нэг нь салбарын шинэ залуу багш нарыг дадлагажуулан сургахад ихээхэн анхаарч ажилласан. Түүний шавь, дадлагажуулсан багш нараас В.Алимаа, А.Баасанжаргал, Б.Наранцэцэг нар докторын зэрэг хамгаалсан.
  5. Ц.Алтанцэцэг багшийн бичсэн ном сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, боловсруулж батлуулсан Газрын тосны салбарын стандарт, нормууд нь Салбарын инженер техникийн ажилтнууд болон багш, судлаачид үе үеийн шавь нарын сургалт, эрдэм шинжилгээний үндсэн материалаар ашиглагдаж байна.

Монгол Улсын Газрын тосны салбарт үндэсний мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, тухайн салбарын оюуны шилдэг бүтээлүүдийг туурвиж, сургалтын арга, технологийг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тань өндрөөр үнэлэн  Хүндэт профессор цол олгожээ.

Чулууны Дүүжий нь 1953 онд  Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн.1976 онд МУИС-ийн Уул уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжлээр төгссөн. 1991 онд Дипломатын академийг дүүргэн 1989 онд Политехникийн дээд сургуульд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Доктор Ч.Дүүжий нь 1985-1988 онд Дээд, тусгай, дунд боловсролын улсын хороонд газрын даргаар, 1994-1996 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, зөвлөхөөр, 1996-1998 онд Засгийн газрын гадаадын зээл тусламж зохицуулах газарт үндэсний зохицуулагчаар, 1998 онд Гадаад харилцааны яаманд хэлтсийн даргаар, 1998-2002 онд Унгар улс дахь ЭСЯ-ны зөвлөх, 2003-2008 онд Сейболт Монгол ХХК-ийн ерөнхий захирлаар, 2008 оноос хойш “Амбер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар  үр бүтээлтэй ажиллаж байна.

Шинжлэх ухаан технологийн их сургуульд оруулсан хувь нэмрийг дурдвал:

  1. 1976 оноос тус сургуульд багшилж “Уурхайн агааржуулалт”, “Уурхайн хөдөлмөр хамгаалал” лабораториудыг шинээр байгуулан лабораторийн хичээлийн аргачлалыг боловсруулж сургалтанд нэвтрүүлсэн ба Уул уурхайн мэргэжлийн ангиудын сургалтанд одоог хүртэл ашиглагдаж байна
  2. ШУТИС–ийн МТС–ийн Химийн технологийн болон нефтийн судалгааны лабораториудад зориулж чухал шаардлагатай 5 сая орчим төгрөгийн багаж хэрэгсэл хандивласан нь сургалт судалгааны ажилд чухал ач холбогдолтой бааз болсон юм.
  3. 2002 оноос нефть, нефтийн бүтээгдэхүүн, нүүрсний тоо, чанарын олон улсын хөндлөнгийн магадлан хяналт хийдэг лаборатори байгуулж, нефть, нүүрсний химийн шинжилгээ судалгаа явуулж буй эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутнуудыг дадлага хийх, судлаачдыг судалгаа явуулахад туслалцаа үзүүлж байна.
  4. ШУТИС-ийн ГУУС, УУХ–д хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхтэй оролцон хамтран ажилладаг бөгөөд төгсөгч оюутны холбооноос жил бүр зохион байгуулан явуулдаг Б.Ишмэндийн нэрэмжит оюутны ЭШ-нийхурлыг зохион байгуулж ирсэн билээ.
  5. Доктор Ч.Дүүжий нь 1981 оны уул уурхайн ашиглалтын технологийн ангийг хариуцан төгсгөсөн бөгөөд өдгөө ШУТИС-ийн доктор оюутан Б.Баттогтохын “Далд уурхайн нүүрсний шаталттай тэмцэх арга зам”, З.Хулангийн “Уурхайн эрсдэлийн менежментийн судалгаа” сэдэвт ажлын удирдагчаар ажиллаж байна

Монгол Улсын Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Их Сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалтын орчин, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тань өндрөөр үнэлэн Хүндэт профессорцол олгов.


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.