Оюу Толгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 20. 16 цаг 53 минут

ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН ТАЛААР “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИАС АЛБАН МЭДЭЭЛЭЛ ДӨНГӨЖ САЯ ХЭВЛЭЛД ГАРСАН БАЙНА. ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНД:

“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус компани талархан хүлээн авч байна.

“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү төлөвлөгөөнд далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудыг тохиролцсоны дотор төслийн санхүүжилтийг эцэслэх, техник эдийн засгийн үндэслэлийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад тус тус голлон төвлөрч ажиллах ба ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн явуулах нөхцөл бүрдэнэ.

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэхүү шийдвэр нь Оюу толгойтой холбоотой бүх талуудад нэн таатай үйл явдал болж байна.

Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хэлэлцээрийн багуудад мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, харилцан хүндэтгэл гарган ажиллаж, энэхүү шийдэлд хүрсэнд нь талархал илэрхийлэхийг хүсч байна. Оюу толгой төсөл, түүний хувь нийлүүлэгчид төдийгүй Монголын ард түмний хувьд энэ нь бахархалт мөч бөгөөд ТУЗ-ийн нэрийн өмнөөс бүх талуудад баяр хүргэж байна” гэж тэмдэглэн хэллээ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Оюу толгойн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч,далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд сэтгэл хангалуун байна.Ингэснээр газрын гүнд байрлаж буй, дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бололцоо бүрдэж байна.

Өнгөрсөн онд компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлын ажлыг хүлээж авсан өдрөөс эхлэн хамтран ажиллаж буй Монгол ажиллагсдынхаа мэргэжлийн өндөр ур чадвар, ажилдаа чин сэтгэлээсээ махруу ханддаг байдалд нь би үргэлж сэтгэл хангалуун явдаг. Манай хамт олон энэхүү мэдээг баяртайгаар хүлээж авна гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдөр ил уурхайн үйл ажиллагаа аюул осолгүй, үр бүтээмжтэй явагдаж байна. Цаашид ч аюулгүй ажиллагаа бидний нэн тэргүүний чиглэл хэвээр байх болно. Бид урт хугацааны бизнесийн бат бэх үндэс суурь бүрдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны суурь зардлыг бууруулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллана” гэж цохон тэмдэглэв.

Энэ онд “Оюу толгой” компани үйл ажиллагаандаа томоохон ахиц дэвшлүүд гаргасан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ оны нэгдүгээр улиралд, нэг сая дахь тонн баяжмалыг экспортод гаргасан амжилтын зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн түүнчлэн 4 дүгээр сард Өмнөговь аймагтай байгаль орчин, ус, бэлчээрийн менежмент, соёлын өв, орон нутгийн бизнесийн хөгжил зэрэг чиглэлээр тогтвортой хөгжлийг хангаж ажиллах Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан билээ. 

Далд уурхайн буюу 2 дугаар үе шатны бүтээн байгуулалтын ажил 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түр зогссон байсан. Оюу толгойн ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь далд уурхайд бий гэсэн тооцоолол байдаг.

2015 оны эхнээс өнөөдрийг хүртэл “Оюу толгой” компани Монгол Улсад татвар, хураамж, болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нийтдээ 78.5 сая ам.доллар төлөөд байна. (Үүнд 20 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг оруулж тооцсон болно)



Сэтгэгдэл бичих

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.